💜t e n💜

"Жэмин-аа, хурдал л даа. Хоцорвол У ахлагчид толгойгоо авахуулна! Мэдэж байгаа биз дээ?" Химэ ийн хэлсээр намайг яаруулахад, би толинд ахин нэг харж аваад гарлаа. 

Ча Инү яваад таван жил болж байна. Би түүнийг хүлээгээд таван жил болж байна. Энэ хугацаанд маш их зүйл өрнөсөн гэж хэлж болно. 

Түүнийг явснаас хойш би ганцаараа байх болсон. Манай сургуульд олон сурагч шилжиж ирсэн ч, би өөрийн хүсэлтээр хэн нэгэнтэй баг болоогүй юм. Тэр жил болон түүний дараа төгсөх ангидаа би доод ангийнхандаа нэмэлт хичээл дээр туслах маягаар өөрийн кредит оноогоо цуглуулдаг байлаа. 

Урьдын адил би ахиад л сургуульдаа нэгт орсоор төгссөн. Эцэг эх минь хэдий үүнд жаахан дурамжхан байсан ч, миний төгсөлт дээр тэд маш их баярлаж байсныг санаж байна. 

Жинсу-н хувьд тэр удаан тэсэж чадаагүй. Нэгэн өдөр түүний хамраас шалтгаангүйгээр их хэмжээний цус гарснаар түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Эмч түүний биеийг бага зэрэг сульдсан байгаа болохоор ингэж байгаа гэж хэлсэн ч, сэтгэл зүйн эмч түүнд өөр онош тавьсан юм. Тэр түүнийг perfectionism буюу бүхнийг төгс төгөлдөр байлгах гэж хичээдэг эмгэгтэй хэмээн оношлосон. Үүний үр дүнд тэр нэлээн удаан эмчилгээ хийлгэсээр сургуулиа төгссөн дөө. 

Хачирхалтай нь, би түүний оношийг сонсохдоо инээдээ барьж чадаагүй. Ча Инү нэгэн цагт түүнийг өөрийн ачаандаа дассан хэмээн хэлж байсан. Гэхдээ түүний дассан байдал нь одоо ямар байдалд хүргэснийг хар л даа? Би хэзээд Инү-н зөв байдаг гэж боддог байлаа. Хэдий тэр хичээлдээ сайн биш ч, амьдралын юмсын утга учрыг ойлгохдоо маш хурдан. Тиймээс л Жинсу-г өмөөрөхөд нь би үг хэлж чадаагүй. Гэвч түүний буруу байсан байна шүү дээ. Магадгүй Ча Инү намайг ч бас түүний хүлээлгэсэн ачааг дааж, түүндээ дасаж чадна гэж бодсон байх. Хараал идсэн философич!!!

Түүнийг хүлээсэн энэ бүх цаг хугацаа надад амар байгаагүй. Гэхдээ тэглээ гээд яах ч билээ? Би түүнийг хаана байгааг, юу хийж байгааг мэдэхгүйгээс хойш. Үнэн гэвэл тэр надад ахиад л худлаа хэлсэн. Тэр Японд очсоноосоо хойш нэг ч удаа надтай холбоо бариагүй. Надад ирэх танихгүй хүсэлт бүрд би хариу өгч байсан ч, тэдний хэн нь ч Ча Инү байгаагүй юм. Тэгээд би итгэл алдарсан. Бас түүнийг хүлээхээ болихоор шийдээд байгаа. 

Одоо бол би төгсөх ангийн оюутан. Энэ жил бид дадлагад гарч байгаа. Яг одоо дадлага хийх компани руугаа найзтайгаа хамт гүйж явна. 

"Ашгүй амжлаа шүү." Химэ ийн хэлсээр амьсгаадан хоёр өвдгөө түшин зогсох бол би нуруугаа тулан зогслоо. Биеийн тамирын хичээлийг үл тоодог байсныхаа горыг одоо амсаж байх шиг байна. 

Цахилгаан шатны өмнө очин ирэхийг нь хүлээсээр, амьсгаагаа даран зогслоо. Удаагүй цахилгаан шат ирж дотогш орсоор эргэж харахад, эсрэг талд байх хаалга онгойн таньдаг хүний царай зурс харагдав. 

"Тэр." би амандаа үглэсээр илүү тод харахаар урагш алхсан ч, хаалга хаагдчих нь тэр. 

Би санаа алдсаар буцан арагш болоход, Химэ хачин байдлыг минь анзаарсан бололтой над руу гайхан харж байгаад "Юу вэ? Таньдаг хүн шиг байсан юм уу?" хэмээн асуухад, толгой сэгсрэн юу ч бишийг хэллээ. Магадгүй би буруу харсан байх. 

Биднийг өөрсдийн хэлтэстээ ирэхэд, У ахлагч бидэнд дээр хурдтай хүрч ирэн "Ямар их уддаг юм бэ? Хан Жэмин чи Япон-р ярьж чадах уу?" хэмээн надаас сандарсан аятай асуух аж.

Би хэсэг гайхаж байгаад "Үгүй ээ. Би ханзыг нь уншихаас өөрийг чадахгүй." гэхэд, У ахлагч санаа алдсаар "Чи англи хэлтэй тийм ээ?" ийн хэлэхэд нь хурдан толгой дохилоо. 

"Тэгвэл намайг дагаад яв. Өнөөдөр бид Япончуудтай маш чухал гэрээ хийх ч, орчуулагч нь одоог хүртэл ирээгүй л байна. Тиймээс орчуулагчийг иртэл чи тэдэнтэй хамт байж бай." урд минь гаран алхсаар ийн хэлэхэд, би хоцорчихгүйг хичээн алхах аж.

Хурлын өрөөний өмнө ирэхэд, У ахлах над руу эргэж хараад "Хувцсаа янзлаад, эелдэг инээмсэглээд дотогш ор. Тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой шүү. Аан тийм санаж ав. Хамаагүй Солонгосоор ярих хэрэггүй. Тэднийг автомат орчуулагчтай явдаг гэсэн яриа байдаг юм. Би одоохон бүх бичиг баримтаа аваад ирье. Тэр хүртэл тэднийг аргалаад байж бай." ийн хэлсээр надад хаалга онгойлгож өгөв. 

Ингэх хооронд нь би хувцсаа багахан янзлаад, түүний хэлснээр эелдэг инээмсэглэсээр дотогш орлоо. 

"Сайн байцгаана уу? Намайг Хан Жэмин гэдэг. Манай албан ёсны орчуулагчид хойшлуулж боломгүй том асуудалд гарсан тул тэр бага зэрэг хоцрохоо бидэнд хэлээд байна. Та бүхэн үүнийг ойлгоно гэж найдаж байна." дотогш орон хурлын ширээний өмнө очсоор ийн хэлэхэд, бүгд дор бүрнээ толгой дохив. 

"Ийм хариуцлагагүй байна чинээ санасангүй шүү." танил хоолой цаанаас гарахад, би ширээн дээр бэлдэж тавьсан танилцуулгаас харцаа салган тэр зүг гайхан харлаа. 

Ча Инү бах тав нь ханасан аятай инээмсэглэсээр хар амны хаалтаа доош буулган над руу харж байх нь тэр. 

Эцэст нь би түүнтэй уулзсан ч, хүлээн нэгнээ харсан ч, надад огтоос сайхан мэдрэмж төрөхгүй байна. Бүр эсрэгээрээ явж очоод нүүрэн дунд нь нэг сайн цохиод авмаар санагдаж байх аж. Гайхалтай би галзуурч байх шиг.

Би аль болох инээмсэглэхийг хичээсээр "Чи энд юу хийж байгаа юм?" хэмээн асуувал, тэр танилцуулгыг аван харсаар "Юу хийх вэ? Мэдээж, гэрээ хийхээр ирж таарна шүү дээ. Ингэхэд чамаар юу байна?" гээд над руу ахин инээмсэглэн харлаа. 

Тайван байх хэрэгтэй, Жэмин-аа. Тайван байя. 

"Би энэ компани-д ажиллаж байгаа." Би хэлэх агаад түүн рүү үл итгэсэн аятай харсаар байлаа. 

"Орчуулагчаар?" Ча Инү асуух мэт хэлэхэд, би "Хуульчаар." хэмээн хариуг нь хэлэхдээ түүнээс харцаа огтхон ч салгасангүй. 

Ча Инү толгой дохисоор буцан танилцуулга руу харан "Тийм байх нь ээ. Чи өнгөрсөн хугацаанд их сайн байсан юм шиг харагдаж байна." гэхэд нь би "Чиний бодож байгаагаас хэд дахин илүү." хэмээн үг хаяв. 

"Харин би үгүй. Уг нь бид хоёр биедээ сайн гэж бодож байсан юмсан. Чи надад. Би чамд. Онгоцны буудал дээр хэлж байсан шүү дээ... Энэ бүх хугацаанд би үнэхээр муу байсан. Чамайг санаж, чиний тухай бодож, яаж байгаа бол гэж санаа зовж байсан. Энэ үнэхээр хэцүү байсан." тэр миний нүд рүү харсаар ийн хэлэхэд нь би түүнээс харц буруулсаар "Бүтэн таван жил болсон байхад юу ч яриад байгаа юм?" хэмээн зогсож байхад, У ахлах орж ирлээ. 

Би буцан инээмсэглээд "Энэ бол манай хуулийн багийн ахлагч." хэмээн хэлсээр хурлаа эхлэв. 

Хурал тарсны дараа хурдхан танхимаас гаран явахыг хичээсэн боловч, Ча Инү-н онцгой хүсэлтийн хүчинд У ахлахын тушаалаар энд үлдэхээр болчих нь тэр. 

Гүнзгий амьсгаа аван бүх хүмүүст бөхийн үдэж өгөөд арагш эргэж харахдаа хаалгаа чанга хаалаа. 

"Юу хүсээв?" шуудхан асуухад, Инү над руу харсаар "Ярилцахыг." хэмээн хэлээд инээмсэглэх нь тэр. 

Би уураа хянахыг хичээн, гүнзгий амьсгаа авсаар сандал дээр суун "Тэгээд ярь л даа. Гэхдээ надад сонсох зүйл үлдсэн эсэхийг мэдэхгүй л юм. Чи мөрөөдлөө биелүүлж нисгэгч болсон байна. Бас их алдартай. Дээр нь бүр манай компаний нүүр  царай болохоор болж. Тийм ээ, сургуульд байхдаа хамгийн сүүлд ордог байсан хөвгүүн ийм өндөрлөгт хүрэх гэж."  хөхрөн хэлэхэд, Инү миний өмнө ирэн зогссоор "Чи байгаагүй бол би чадахгүй байсан." гэсээр доош тонгойн эрүүнээс минь барьсаар намайг үнслээ. 

***

"Юу хийгээд байгаа юм?" Намайг ийн асуухад, Инү над руу дээш харан инээмсэглэчихээд буцан хөлийг минь цасанд булав.

Өнөөдөр Сөүлд анхны цас орсон бөгөөд урд шөнөөс эхлэн орсон тул эргэн тойрон хангалттай цасанд будагдсан байх аж.  

Тэр цасаа давхарлан миний хөлийг булсаар гутал минь харагдахаа болиход би "Намайг хажуудаа үлдээхийн тулд хөлийг минь тушиж байгаа хэрэг үү?" түүнээс ийн асуулаа. 

Үнэн гэвэл Инү бид хоёр буцаад нийлсэн. Буцаад гэж үерхэж эхэлсэн гэвэл илүү зөв байх. Бидний ахин уулздаг өдөр тэр намайг үнсэж би түүний хацрыг хавдтал нь алгадсан. Гэвч тэр бууж өгөөгүй. Бид нэг төсөл дээр ажиллаж байгаа тул өдөр бүр миний хажууд байж, байнгын бэлэг өгсөөр байсан. 

Эцэг эхийнхээ хараанаас гарч, өөрийнхөөрөө амьдрахаар хичээж буй оюутанд түүний зарим бэлгүүд ч үнэхээр хэрэг болж байсан шүү. Эхэндээ ч би бүх бэлгийг нь буцаагаад нүүр рүү шиддэг байлаа. Гэвч буцаах бүрд илүү томроод байсан тул чимээгүйхэн аваад хаядаг болсон. Нэлээн удаан бэлгийг нь хаясны эцэст тэр бүхнийг олоод мэдчихсэн. Харин түүний дараа тэр буцаах боломжгүй бэлгүүд өгч эхэлсэн. Энэ бүхний эцэст би түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн юм даа. 

Инү инээмсэглэн над руу дээш хараад "Чиний хамгийн дуртай зүйл бол цас. Тиймээс дуртай зүйлээр чинь хажуудаа хоривол чи үүнийг эсэргүүцэж бас явах гэж оролдохгүй. Миний хажууд үлдэх болно." ийн хэлсээр, хажууд минь суув. 

Би доош өөрийн хөл рүү хэсэг харж байхад, тэр гараас минь атган халаасандаа хийгээд "Жэмин-аа, чи хэдийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн шүү дээ. Бүрэн биш ч, чи хүлээн зөвшөөрүүлж байгаа. Алхам ахлмаар, бага багаар чи үүнийг хийж байна. Тиймээс би чадахгүй бол яана аа гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Бусад нь чамайг хүлээ зөвшөөрөхгүй байсан ч, би бол бүрэн дүүрэн чи шилдэг гэдгийг хэлж чадна. Тиймээс өөрийгөө тэгж их сэтгэлээр унагах хэрэггүй дээ. Чи эмэгтэй болохоор хоёрт байх ёстой юм биш. Бас би эрэгтэй болохоор хүчтэй байх ёстой юм биш. Бид Хан Жэмин, Ча Инү болохоор өөрсдийнхөөрөө л байхад болно." хэмээн хэлсээр над руу дөхөн духан дээр минь үнслээ. 

***

"Юу вэ? Шөнөжин унтаагүй юм уу?" Жэмин ийн асуусаар Мина-н хажууд суухад, Мина дээш толгой өндийн "Ммм. Өгүүллэг уншаад унтаж чадсангүй ээ" хэмээн ядруу дуугарна. 

Жэмин гартаа байх зайрмагнаас нэг халбагдсаар "Юу вэ? Хэдэн настай болоод өгүүллэг мэтийн зүйл уншиж суугаад байгаа юм? Энэ удаад бас юу вэ? Цагаан морьтой ханхүү цус сорогчид бариулж үхээд, сүйт бүсгүй нь түүний өшөөг авах гэж явахдаа цус сорогчдоо дурлачихсан уу?" ийн асуухад, Мина-н нүд сэргэн дээш өндийсөөр "Үгүй шүү. Үнэхээр шал өөр өгүүллэг. Тэр өгүүллэгийн гол дүр нь чи бас Ча Инү гээд бод доо" хэмээн хэлэхэд, Жэмин зог тусаж орхилоо. 

Тэр гайхсаар "Яахаараа Ча Инү бид хоёр байна гэж? Битгүй утаггүй зүйлс яриад бай" ийн хэлээд, дурамжхан урагш харав. Солиотой зүйлс ярьж байх юм!

Үргэлжлэл бий...







Жэлфии

2021 он

--THE END--

A/N: За ингээд Ча Инү гол дүртэй энэ өгүүллэг маань дуусаж байна. Энэ өгүүллэг дээр ямар нэг хайр дурлал эсвэл үйл явдал гаргах гэхээсээ илүү нэг найздаа зориулж урам өгөхөөр бичсэн учир та бүхний сэтгэлд хүрээгүй бол үнэхээр уучлаарай. Дараа дараачийн өгүүллэг дээрээ илүү анхаарч, та бүхэнд хүрэх өгүүллэгийг бичих болно оо. Мөн өгүүллэгийг минь цаг заваа гарган уншсанд маш баярлалаа. 

Comment