💜f i v e💜

"Чи айж байна, тийм үү?" Инү надаас ийн асуухад, би хумсаа хазахаа болин гараа элгэндээ авлаа. 


Яг одоо бид урлаг зааланд байх агаад хэдхэн хормын дараа захирал орж ирэн бидэнд дүнгүүдийг минь танилцуулах гэж байна. 


Өнгөрсөн нэг сарын хугацаанд Ча Инү бид хоёр цавуудчихсан аятай л хамт байсан гэдэгт та нар лав итгэхгүй дээ! Би түүнд өөрийн мэддэг бүхнээ зааж өгч, харин тэр уйгагүй сурсан. Яахав зарим нэг шантрах, уйдах бас уурлах тохиолдлууд байсан л даа. Гэхдээ үүнийг нэг их дурсах хэрэггүй байх. 


Өглөө бид сургууль дээр хамгийн эрт ирээд хичээлээ эхэлж, хичээлийн бүхий л завсарлагааныг ашиглан сурсан зүйлээ давтаж, орой хичээл тарах үед би түүнээс шалгалт аваад, алдсан зүйлийг нь ахин тайлбарладаг байв. Энэ нэг сарын хугацаанд бид өдөрт ердөө дөрөвхөн цаг унтаж, үлдсэн хугацаанд хорвоогийн мөн чанарыг олох гэж байгаа аятай л хичээцгээсэн юм. Яахав дөрвөн цаг гэдэг бол миний энгийн үед унтдаг хугацаа ч, түүний хувьд амьдралдаа анх удаа олон хоног ийм бага хугацаагаар унтаж байгаа явдал гэсэн. Бурхан минь гэж, би одоо ч түүнийг Солонгос ахлах сургуулийн сурагч гэдэгт ч итгэж өгдөггүй. 


Сургуулийн хүүхдүүд бидний энэ гэнэтийн ойртолтыг харчхаад их цочирдсон шүү. Тэр дундаа Жинсу. Бурхан минь, би түүний тэр аймшигтай хөгийн царайг амьдралынхаа туршид санаж явах болно. Харин Инү-г харж явдаг охидын хувьд бол жаахан төвөгтэй. Тэдний нэг хэсэг нь намайг түүнтэй үерхэж байгаа гэж боддог бол зарим нь биднийг зүгээр л хичээлээ хийж байгаа гэдэгт итгэхийг хүссэн. Харин үлдсэн хэд нь намайг албаар түүнд хичээл заах нэрийдлээр ойртож байна гэдэг дүгнэлтийг тунхаглачхаад байгаа. Эдний аль нь ч байлаа гэсэн эдгээр бүх охид намайг түүний хажууд байлгахыг хүсэхгүй байгаа нь илт.


Удаагүй захирал багш орж ирлээ. Өнөөх л дэгжин хослолоо өмсөн, үсээ сайхан зассан байх агаад түүний гутал адарын гэрэлд хэрхэн сайхан гялалзаж байгаа нь тодхон харагдана. Ээж минь надад үргэлж гоё гутал хүнийг гоё газар аваачдаг гэж хэлдэг байсан. Магадгүй захирлын гоё гутал нь түүнийг энд авч ирсэн байх. Гэхдээ би лав манай сургууль гоё газар гэж бодохгүй байна. Яахав гадаад үзэмж нь сайхан байж болох ч, дотор нь байгаа бүхэн ялзарсан шүү дээ. 


Эцэг эхчүүд хүүхдүүдээ хооронд нь өрсөлдүүлж, өдөрт бага цаг унтан, мэдлэгийн төлөө үгүй ээ шилдгийн төлөө үхэн хатан тэмцэлдүүлэх нь тэдний ирээдүйн тусын тулд гэдэг. Гэхдээ үүний үр дүнд бид хэнд ч итгэхгүй, амин хувиа хичээсэн хүмүүс болж гүйцэж байна шүү дээ. Өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийг өөр хэн нэгэнд шахан, тэднийг өөрийнхөө мөрөөдөлд хүргэхээр зорино гэдэг ямар аймшигтай тамлалт вэ? 


Захирал багш бидэнд өөрийн шинэ санаа ямар үр дүнтэй байсныг товчхон хэлсний дараа арын хананд өлгөсөн цаас доош гулсан дэлгэгдэв. 


Энэ цаас маш том байсан ба түүн дээр 3-н үнэлгээ бичигдэж байсан юм. 


Эхнийх нь хүүхэд тус бүрийн шалгалтаар авсан оноог жагсаалт болгон бичсэн байлаа. 1-т Хан Жэмин 100%. 62-т Ча Инү 87.1%.


Хоёр дахь нь баг тус бүрийн авсан кредит оноо байсан юм. 10-т Хан Жэмин- Ча Инү 93.55 оноо. 


Харин сүүлийнх нь ерөнхий жагсаалт байв. 5-т Хан Жэмин 96.775 оноо. 


Энэ бүхнийг харахдаа би Инү рүү харахад, тэр ч бас над руу ширтэх аж. Магадгүй тэр намайг 5-т орсонд өөрийгөө буруутгаж байгаа байх. 


Бидний хамт байх хугацаанд бид биенээ нэлээн мэдээд авсан шүү. Миний асуудал түүнийхтэй нэлээн төстэй байсан. 


Ча Инү бол үнэхээр царайлаг нэгэн. Гэхдээ зарим хүмүүс эрэгтэй хүн царайлаг байхыг тэвчдэггүй. Тэд эрэгтэй хүн царайлаг, сайхан болчихвол эмэгтэй хүн шиг юм. Дэндүү царайлаг юм. Ямар ч эршүүд зүйл алга гэдэг. Ийм үгс тэр хүндээ ямар хүнд цохилт болдгийг ч мэддэггүй. 


Инү эмэгтэйлэг байхаас айдаг нэгэн. Тэр өөрөө хүлээн зөвшөөрөөгүй ч, энэ үнэн. Ихэнх эрэгтэйчүүд өөрсдөө ч мэдэлгүйгээр, ийм айдастай байдаг юм. Тэд эмэгтэйлэг байхаас, сул дорой байхаас, хүйс нь мэдэгдэхгүй байхаас, эршүүд биш байхаас үнэхээр их айдаг. Эцэст нь энэ бүхэн тэдэнд ямар их дарамт шахалт болдог гэж санана! Хэн нэгэн шиг байна гэдэг миний мэдэх хамгийн том тарчлаан. 


Хүүхдүүд бүгд жагсаалтыг илүү ойроос харахаар тайз руу гарахад, бид л байрандаа үлдлээ. 


Би Инү рүү харвал, тэр доош харсаар чимээгүйхнээр "Уучлаарай." хэмээн хэлэв. Миний бодсон зөв байжээ. Тэр үнэхээр өөрийгөө буруутгаж байна.


Би санаа алдаад "Өнөөдөр биш бол маргааш. Маргааш биш бол нөгөөдөр. Хорвоогийн өдрүүд нэгээр дуусахгүй. Тиймээс зүгээр дээ. Бидэнд дараачийн сар гэж бий. Бидэнд дараачийн шалгалт гэж ч бий." ийн хэлээд инээмсэглэлээ. 


"Тэгвэл гарах уу?" Инү ийн асуухад, би хэсэг чимээгүй сууж байгаад толгой дохив. Нэгэнт би өөрийн байраа мэдсэн тул үлдсэн нь хамаа алга. 


Бид хамтдаа урлаг заалнаас гаран алхаж байхад, араас хэн нэгний намайг дуудах дуу гарав. 


Гайхан эргэж харвал Жинсу байх агаад түүний ард найз нэртэй тодотгож үл болох хүмүүс нь зогсож байлаа. 


Жинсу ёжтой инээмсэглэн над руу алхсаар "Хан Жэмин. Манай нугаршгүй чин зоригт хатан. Мөнхийн 1 номерт шилдэг сурагч. Харамсалтай нь энэ цолнууд чинь үүгээр дуусах нь дээ. Учир нь чи хоёрт ч биш, гурав ч биш, бүр тавд орсон." хэмээн хэлээд, хонгилоор нэг чанга инээв. 


Би ч бас түүнийг даган инээгээд, түүн рүү ойртон чихэнд нь биднээс өөр хэн ч сонсхооргүй үгс шивнэлээ. Харин үүний дараа Жинсу энгэрээс минь зууран, гараа өндөрт өргөсөөр хацар дээр минь хүчтэй буулгаж орхих нь тэр. 


Түүний хүчинд би хажуу тийш савагдсаар мөрөөрөө хана цохиход, Инү над дээр ирэв. 


"Зүгээр үү?" Тэр санаа нь зовсоор надаас ийн асуухад, би толгой дохин хана түшсээр тэгш зогслоо. 


Би урагш Жинсу руу харан "Ким Жинсу, чиний энэ үйлдлүүд чинь чамайг улам илүү өрөвдөлтэй нэгэн болгож байгааг, чи ер нь мэдэж байна уу? Чамд сануулчихъя! Би нэг удаа уул өөд мацан, оргилд нь хүрч чадсан. Тиймээс дахиад ч намайг чадахгүй гэх газар байхгүй. Хэр өндөр, хэр хэцүү байх нь хамаагүй, би оргилд нь гарах л болно. Харин Ча Инү-н хувьд сургуулийн адаг байранд байсан хүн одоо 62-т орчихлоо. Энэ цаашаа ахих ч болно. Тиймээс чи болгоомжтой л байгаарай. Хэт өндрөөс газарт унах үнэхээр өвддөг юм шүү дээ."  хатуухнаар ийн хэлчхээд, тэднийг орхин анги руугаа явав. Өнөөдрийн хурал хичээл дууссаны дараа болсон бөгөөд одоо бидэнд сургууль дээр хийх зүйл байхгүй. 


Ангиасаа цүнхээ аван сургуулиас гарахад, үүдэнд Инү намайг хүлээх мэт зогсож байлаа. 


Би инээмсэглээд "Тэгэхээр чамайг байж болох хамгийн өндөр ахиц гаргасныг тэмдэглэх үү дээ?" ийн хэлсээр түүний хажууд очиход, Инү намайг даган инээсээр "Яагаад болохгүй гэж? Тэгэхээр би шагналынхаа оронд чиний гарын хоолыг идэхийг хүсэж байгаагаа хэлж болно биз дээ?" хэмээн хэлэх нь тэр. 


Миний гарын хоол? Сонирхолтой л юм. Би бэлэн гоймонгоос өөр хоол хийж байгаагүйгээ түүнд хэлсэн билүү? 


"Чи үнэхээр итгэлтэй байна уу?" би итгэлгүйхэн асуухад, тэр улам томоор инээмсэглэн "Мэдээж. Би чиний хоолыг идмээр байна." ийн хэллээ. 


Би мөрөө хавчаад "За яахав. Гэхдээ чи ямар ч хоол хийсэн голохгүй шүү." ийн хэлэхэд, тэр толгой дохин бид хамтдаа алхаж эхлэв. 


Бид эхэндээ чимээгүйхэн явсан ч, Инү зогсолтгүй инээмсэглээд байсан тул би түүнээс "Тийм сайхан байна уу?" тэвчилгүй асууж орхилоо. 


"Үгүй ээ, яахав. Үнэхээр сайхан байна гэх нь ч хаашаа юм. Гэхдээ би өнгөрсөн хугацаанд өөрийнхөө дүнтэй бүрэн дүүрэн эвлэрээд байсан. Харин өнөөдрийн энэ дүн бол би ч  бас хийж чадна гэдгийг минь хэлж өглөө. Тиймээс сайхан байна аа. Би ч бас Жинсу шиг сайн сурч чадна." хэмээн хэлсээр томоор инээмсэглэхэд, би түүнийг шоолон инээсээр "Залуу минь итгэлээ олсонд баяр хүргэе. Гэхдээ хэт хөөрцөглөх хэрэггүй шүү." ийн хэлээд, хажуудаа байх 24-н цагийн дэлгүүр рүү оров. 


Инү намайг даган дэлгүүрт орж ирсээр "Яагаад хэт хөөрцөглөх хэрэггүй гэж? Би тэр олон байраар ахисан байхад шүү." зарга үүсгэх мэт хэлэхэд нь, би лангуунаас гоймон авахдаа "Жинсу бол манай улсын хамгийн сайн гэсэн багш нараар хичээлээ заалгадаг нэгэн. Хэдий тэр жагсаалтаар миний дараа ордог ч, сургуульд заадаггүй зарим зүйлс дээр ч үнэхээр сайн шүү. Жишээ нь тэр Франц хэлийг сүүлийн 3-н жилийн турш сурч байна. Бас Жинсу тэквондо-н хар бүстэй, босксоор хичээллэдэг. Ийм байхад чи түүнтэй барьцаж байна гэж үү?" ийн хэлсээр кассан дээр очлоо. 


"Үнэтэй багштай байлаа гээд юу гэж? Би ч бас франц хэл сурч чадна. Харин тэр тэквондо-н хувьд манай улсад тэквондо-н сургалтад ядаж ганц удаа явж үзээгүй эрэгтэй хүүхэд байвал гараад ир гэж хэл." тэр барьцах мэт ийн хэлсээр касс түшин зогсоход, худалдагч эгч түүн рүү яг л алдартай дуучин харж байгаа аятай ширтэх аж. 


Би ч бас касс түшин түүн рүү хараад "Чи үнэ дагаж чанар гэдгийг мэдэх үү?" ийн хэлсээр тооцоогоо хийчхээд түрүүлэн гарлаа. 


Инү миний араас ирэхдээ "Тэгэхээр чи надад гоймон чанаж өгөх гэж байгаа хэрэг үү?" хэмээн ярианы сэдэв өөрчлөхөд, би инээмсэглэсээр "Тийм ээ. Үнэн гэвэл би гоймонгоос өөр хоол хийж байгаагүй. Тэгэхээр чи үүнийг л идэх болж дээ." гэв. 


Түүний ярианы сэдэв өөрчилж байгаа нь надтай маргалдаад хэрэггүйг мэдсэн бололтой. Бидний хамт байсан энэ нэг сард бид нэлээн сайн маргалдаад авсан шүү. Энэ хугацаанд түүний талаар олж мэдсэн хамгийн том үнэн бол ТЭР МАШ ЗӨРҮҮД.


Бид цааш олдсон сэдэв бүрийнхээ тухай ярилцан явсаар манай гэрт ирлээ. Мэдээж эцэг эх минь ажилтай тул тэд гэрт байхгүй. Харин ахын минь хувьд тэр гадаад руу сургуульд суралцахаар явсан тул гэртээ угаасаа байхгүй. Ер нь манай гэр бүлийн гишүүд энэ гэрт унтах гэж л ирдэг л дээ. Өөр юм байхгүй. 


Намайг хаалгаар ороход, Инү гэрт хэн нэгэн байгаа гэж бодсон бололтой үүдэнд зогсчхоод эргэн тойрноо хараад л байв. 


"Манай гэрт хэн ч байхгүй ээ. Аав ээж хоёр ажилдаа явчихсан, оройноос нааш ирэхгүй." хэмээн хэлээд гутлаа тайлан гэртээ орлоо. 


Би цүнхээ буйдан руу шидсээр "Яасан? Тийм сонин байна уу?" хэмээн асуухад, Инү гутлаа тайлсаар "Чамд ах эгч эсвэл дүү байдаггүй юм уу?" сониучирхан асуув. 


"Надад нэг ах бий. Гэхдээ тэр гадаад руу их сургуульд явчихсан болохоор, өдрийн ихэнх хугацааг би гэртээ өнгөрөөдөг юм." би тайлбарласаар гал тогоо руу орон ус тавилаа. 


Инү араас орж ирэн "Тэгвэл чи ахаасаа болж хичээлээ ийм шаргуу хийдэг байх нь ээ." ийн хэлэхэд нь би түүнээс яагаадыг асуув. 


Яахав түүний таамаг бага зэрэг үнэний ортой ч, үгүй. Ах минь сайн сурлагатай нь үнэн ч, би хэзээ ч түүнээс болж хичээлээ хийж байгаагүй. Бас эцэг эх минь намайг түүнтэй харьцуулж байсан удаагүй. 


"Чиний ах гадаад руу сурахаар явсан гэдэг нь түүний хэр мундгийг хэлж өгч байна. Тиймээс эцэг эх чинь чамайг түүнтэй харьцуулдаг байх. Тэгээд л чи хичээлээ сайн хийж, ах шигээ сайн болохыг хичээдэг." Инү ийн хэлэхэд, би өрөө рүү алхах агаад "Үгүй ээ. Эцэг эх минь хэзээ ч намайг хэн нэгэнтэй харьцуулж байгаагүй. Тэд үргэлж 'Харьцуулах нь тухайн зүйлийн үнэ цэнийг үгүй хийж, үл тоож байгаагаас ялгаагүй.' хэмээн хэлдэг. Тэгэхээр буруу." ийн хэлсээр өрөөндөө орон хувцсаа солив. 


Харин Инү ард ямар нэг зүйл хэлсээр үлдлээ. 


Би өөрийн биед эвтэйхэн хувцсаа өмссөр гарч ирэхэд ус хэдийн буцалсан байх агаад Инү хэдийн гоймонг задлаад усанд хийчихсэн хутгаад зогсож байв. 


Би түүний хажууд очин "Юу хийж байгаа юм?" хэмээн асуухад, Инү над руу харан инээмсэглээд "Чамайг гарч ирэхгүй удаад байхаар түрүүлээд хийчихлээ. Би үнэхээр өлсөөд байна аа!" ийн хэллээ. 


Би түүний үгийг сонсохдоо дургүйхэн жуумалзсаар "Хүний хоол идье гээд л байсан юм байж. Хэдхэн минут хүлээчихэж чадахгүй." хэмээн үглээд буцан харахтай зэрэгцэн Инү над руу ойртон "Чи юу гээд байгаа юм бэ?" гэхэд түүний амьсгал надад мэдрэгдэх аж. Зүрх...





Comment