💜o n e💜

Жэлфии


Writer's POV


Сургууль чив чимээгүй. Яг л хэн ч байхгүй мэт. Гэвч энэ өдөр энгийн л нэг ажлын өдөр байсан бөгөөд хичээл тарах цаг болоход ахиад 3-н цаг дутуу байсан юм. 


Энгийн өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөн, яриа тасардаггүй ч, өнөөдөр тийм байсангүй. Учир нь сургууль даяар сарын эхэн үеийн явцын шалгалт авагдаж байсан юм. 


Fantagio сургууль бол улсдаа хамгийн өндөрт тооцогдох төлбөртэй бөгөөд сургалтын системээрээ олон улсад жил бүр эхний байруудад эрэмбэлэгддэг сургууль юм.


Гаднаас нь харвал энгийн сургууль мэт боловч, түүнтэй залгаатай байрлах шилэн барилга нь энэ сургуулийг бусдаас онцгой болгоно. Гэвч зөвхөн харагдах үзэмжийн хувьд л. Харин үүний дотор бусад сургуулиудтай л адил дээрэлхэл, гадуурхал, маргалдаан, үл ойлголцол тасардаггүй билээ. 


Эхний давхар. Багш нарын өрөө, цайны газар болон дугуйлангуудын өрөө, танхим болон урлагийн заал байрлана. Эхний давхар ямагт хамгийн чимээ шуугиантай хэсэг тул ангиуд хичээллэдэггүй билээ. 


Хоёр дахь давхар. Энд маш олон тооны ангиуд байгаа шүү. Энэ сургуулийн боловсролын систем үргэлж дээгүүр байранд байдаг гэж хэлсэн дээ. Үүний нэгэн том шалтгаан бол хүүхдүүдийг төвшнөөс нь хамааран ангиудад хуваарилдаг явдал юм. 


Анги бүр өөрийн гэсэн нэртэй бөгөөд үүнд A, B, C, D, F болон Q, Z гэсэн тусгай хоёр анги нэмэгдэнэ. Тэднийг багахан тодорхойл гэвэл A төвшний анги нь ердөө хоёр байдаг. А-1, А-2. Энэ ангид хуваарилагдсан хүүхдүүдийг сургуулийн сайн сурлагатнууд гэж хэлж болно. Эсвэл өөрөөр Q ангид орж чадаагүй, гологдмол азгүйчүүд сурдаг анги.


B төвшний анги ч бас хоёр бий. В-1, В-2. Энэ төвшний хоёр анги бол хамгийн жаргалтай анги гэхэд хэлсдэхгүй. Хүүхдүүд нь хичээлээр нэг их шахуулдаггүй, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд хичээлээ ч сайн ойлгочихдог. Алтан дунджууд.


C төвшний анги ч бас хоёр бий. Эдгээр хүүхдүүдийг тодорхойлбол В ангид орж чадаагүй гологдмолууд. 


D төвшин ч бас хоёр ангитай. Ер нь Q болон Z ангиудаас бусад нь бүгд хоёр хоёр л ангитай. Хичээл хийхийг хүсдэггүй ч аргагүй эрхэнд ганц хоёр зүйл хийж дүнгээ дээшлүүлдэг хүүхдүүдийг энэ түвшинд оруулдаг.


F төвшний ангиудын хүүхдүүд бол өөрсдийгөө азтайд тооцож, ирээдүйдээ огтхон ч анхаарал тавьдаггүй төрлийн хүүхдүүд юм. Тэд зөвхөн өнөөдрийн аз жаргал, сайн сайхандаа талархан амьдардаг нөхдүүд.


Q төвшинд ердөө ганц л анги бий. Бас энэ анги сургуулийн хамгийн онцгой анги гэж хэлж болно. Энэ ангид зөвхөн гоц ухаантнууд л сурах бөгөөд шалгалт өгөх байр нь хүртэл өөр. A-F хүртэлх ангиудын хүүхдүүд ангидаа шалгалтаа өгдөг бол тэд шилэн хоргонд шалгалтаа өгдөг. Дээр дурдсан залгаа том шилэн барилга бол зөвхөн тэдэнд болон Z ангийнханд зориулагдсан барилга юм.


Шилэн хэсэг бол номын сан, спорт болон урлагийн заал, хичээлээ хийх тусгай байр гээд бүрэн цогц үйлчилгээтэй сургуулийн тусгай хэсэг гэхэд болох билээ. Тэд тэнд хичээлээ хийж, дугуйландаа хамрагдаж бас хүссэнээрээ хонож ч болно. 


Энэ төвшний хүүхдүүд ихэвчлэн айлын ганц эсвэл том хүүхдүүд буюу гэрийнхээ бизнес, өв хөрөнгийг өвлөж авах хүндтэй үүргийг хүлээсэн байдаг. 


Z төвшний анги бол Q-с онцгой анги. Онцгойгийн онцгой гэж ч болно. Энэ төвшинд бас л ганц анги байх бөгөөд эцэг эхийнхээ мөнгөөр жаргалтай амьдарч чадна гэдгээ мэддэг хүүхдүүд байдаг. Хичээл гэж юу болохыг ч мэдэхгүй, цаг тутам, хоног тутам зөвхөн зугаа цэнгэлийн тухай л боддог. Тийм ч болохоор энэ ангийг өөрөөр алтан анги гэдэг. Энэ ангийн сурагчдын эцэг эхчүүд бүгд том хүмүүс болохоор багш нар эдгээр хүүхдүүдийн дүнг юу ч хийгээгүй байтал л нэмээд тавьчихдаг. Мөн огтхон ч жагсаалтад оролцуулдаггүй. Ихэвчлэн тэд айлын дунд юм уу бага хүүхдүүд буюу гэртэй амьд байхаас өөр ямар нэг үүрэггүй хүүхдүүд байдаг юм. 


Сургуулийн ихэнх сурагчид хоорондоо эвтэй байх гэж хичээдэг бол Q болон Z анги тэгдэггүй. Тэд хоорондоо огтхон ч таардаггүй гэж хэлж болно. Q ангийн сурагчид хичээл хийх гэж төрсөн бол энэ сурагчид зугаацах гэж төрсөн юм.


Энэ сургуулийн нэгэн аймшигт хэрцгий түүхтэй танилцуулах гэж байгаадаа гүнээ хүлцэл өчье! Тухлан сууж уншина уу.


Khan Jaemin's POV


Өчигдрийн өгсөн шалгалтын хариундаа санаа зовон, юун дээр алдсанаа дахин нэг тунгааж байхад минь "Жэмин-аа. Явахгүй юм уу?" Ёндү ийн хэлсээр хаалганы дэргэд намайг хүлээх мэт зогсож байхыг харлаа. Юу болох гэж байгаа билээ? 


Би түүн рүү гайхан харвал тэр санаа алдаад "Ахиад л мартчихсан уу? Шинэ захирал ирж байгаа, Жэмин-аа. Шинэ захирал. Бурхан минь, чи яаж бүх шалгалтад нэгт ороод байдаг юм бэ?" хэмээн хэлсээр, цааш миний мартамхайг гайхан эргэж харлаа. 


Уг нь мартаагүй юмсан. Би юмсыг хэр барагтаа л бол мартдаггүй төрлийн хүн. Зүгээр л сонсоогүй юм. Надад хамаагүй хэрэгт би оролцох дургүй. 


Ерөнхийдөө бол манай сургуулийн захирал жил бүр л солигдож байдаг. Яг ямар учиртайг нь мэдэхгүй ч, солигдоод л байдаг юм. Харин өнөөдөр дараа жилийн энэ өдрийг хүртэл ажиллах шинэ захирал маань ирж байгааг тохиолдуулан, манай сургууль хүлээн авах арга хэмжээ зохиож байгаа нь энэ бололтой. 


Санаа алдсаар дэвтэр номоо хаагаад ангиас гарлаа. Үнэндээ надад хамаа алга. Захирал солигдлоо гээд бидэнд өөрчлөгдөх зүйл байдаггүй. Манай боловсролын тогтолцоо хэрэгждэгээрээ хэрэгжиж, бид сурдгаараа сурна. Яг л чамтай чамгүй нар гардгаараа гарна гэх шиг.


Ангиас гаран алхаж байхад, Ёндү ахиад л гараад ирлээ. Хачин юм. Уг нь түүнийг цааш эргэхийг харахдаа хэдийн явчихсан байх гэж бодож байсан юмсан. Заримдаа түүнээс үнэхээр их залхдаг шүү. Зүгээр л хичээлээ асуух гэж ингэж их хичээл зүтгэл гаргадагт нь би жаахан гайхдаг. Уг нь хүрч ирээд асуувал би тэгж их юм болоод байдаггүй юмсан.


Яахав ангийн минь хүүхдүүд над дээр тэгж ирвэл мэдээж их зүйл болно л доо. Бид чинь өрсөлдөж байгаа шүү дээ. Харин Ёндү-н хувьд тэр B ангид сурдаг учир зүгээр байдаг юм. Түүний дөнгөж үзэж байгаа шинэ хичээлийг би хэдийн жил хагасын өмнө үзчихсэн байдаг болохоор л тэр. 


Тэр намайг сугадсаар алхах бол би шалгалтын хариундаа санаа зовон явна. 


"Юу бодож байгаа юм?" Ёндү надаас ийн асуухад, би түүн рүү хувиралгүй нэг харчхаад "Шалгалтын хариуг л." хэмээн аяархнаар хэлэв. 


Ёндү хэсэг бодох мэт царай гаргаж байгаад "Зүгээр дээ. Чи үргэлж л нэгт ордог шүү дээ. Манай сургуульд бүр чамайг давах хүн энэ хорвоо дээр байхгүй гэсэн яриа хүртэл гарсан. Жинсу бараг л манай улсын хамгийн сайн гэсэн бүх гэрийн багш нарыг хөлсөлж хичээлээ хийдэг ч, тэр чиний дээр нэг ч удаа гарч үзсэнгүй. Тиймээс энэ удаад ч бас чи нэгт орсон байх. Би лав эргэлзэхгүй байна." хэмээн хэлэхэд, би чимээгүйхнээр "Харин тэгээд л айж байна." хэмээн хэллээ. Гэсэн ч тэр сонсчихсон юм. 


"Тэгвэл зүгээр л хаа хамаагүй эсвэл хамгийн хэцүү дээр нь алдчихаж байгаач дээ. Тэгвэл чи нэгт орохгүй байж болно шүү дээ. Өндөг өөрөө очиж чулууг мөргөхгүй бол чулуу яахан байрнаасаа хөдлөх билээ?" Ёндү энэ бүхнийг яг л хамгийн амархан зүйл мэт хэлэхэд, би түүнээс гараа сугалж аван "Би тэр өндөг нь биш. Харин чулуу нь байгаа юм. Тиймээс надад албаар алдах ямар ч хэрэг байхгүй. Би өөрийн хамгийн сайнаараа хийж өгөөд бардам гэгч нь хүмүүст чичлүүлэх болно." хатуухан хэлчхээд түүнийг орхин явлаа. 


Харин Ёндү миний ард "Чи эмэгтэй биш байсан бол ямар сайхан бэ?" ийн хэлэх нь сонсогдов. 


Эмэгтэй биш байсан бол яана гэж? Хүмүүс над руу нэгт орсны минь төлөө, манай улсын хамгийн баян бизнес эрхлэгчийн хүүг ардаа орхисны минь төлөө чичлэхгүй байсан гэж үү? Магадгүй тийм байсан л байх. Гэхдээ энэ хэнд хамаатай гэж? Нийгэм угаасаа эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх тал дээр маш дутмаг. 


Эмэгтэй хүн туранхай байх ёстой. Эмэгтэй хүн мах шөлтэй байвал илүү дээр байдаг. Эмэгтэй хүн ухаантай байх ёстой. Эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй байх ёстой. Эмэгтэй хүн шилдэг ээж байх ёстой. Хүмүүс төгс эмэгтэйг л үнэлдэг. Гэвч ямар нэг зүйл төгс төгөлдөрт хүрэх үедээ мөхдөг гэдгийг хэн ч анзаардаггүй!


Ёндү-с тасран урлагийн танхимд орсоор, хамгийн урд талын суудалд суулаа. Ингэвэл илүү амар юм шиг санагдсан хэрэг л дээ. 


Танхимд бараг л бүх хүүхдүүд ороод ирчихсэн байх агаад бүх багш нар ч бас ороод ирчихсэн байх аж. Цагаа харвал ёслол шуу юм нь эхлэхэд арван минут дутуу байх нь тэр. 


Хаалга руу сэм харвал Z ангийнхан орж байх бөгөөд тэд шууд л хамгийн хойд талын суудлыг зүглэв. Би тэдэнд хааяа жаахан атаархдаг шүү. Манай сургуулийн хамгийн зөв анги шиг санагддаг. Гэхдээ зөвхөн хоорондын харилцаандаа л. Тэдний ангийн нэг л хүүхдийг дээрэлхэж эсвэл элдэв асуудал болбол тэд бүгд хамтдаа хүрээд ирдэг. Яг л нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг шиг. Харин манай анги бол? Манай сургуульд бидэнтэй асуудал үүсгэж зүрхлэх хүмүүс бараг л байхгүй болохоор тийм ч их зүйл болоод байдаггүй. Гэвч гол асуудал нь бид дотроо огтхон ч таардаггүй явдал юм. 


Манай ангид найз гэдэг үг үйлчилдэггүй. Бид бүгд хоорондоо өрсөлдөж байгаа хүмүүс. Маргаашийн ялалтын төлөө өнөөдөр чи хэнийг ч золиосолж чаддаг байх хэрэгтэй. Тэд биднийг ингэж л сургасан. 


Ямар нэг хөнгөхөн зүйл толгойг минь оноход би хөмсгөө зангидсаар эргэн тойрноо харлаа. Эргэн тойронд минь суусан хүүхдүүд бүгд манай ангийн хүүхдүүд байх бөгөөд би тэдэнд дундаас хэргийн эзнийг олчих шиг болов. Баруун хойно минь надаас холгүй суух Ким Жинсу. 


Тэр над руу ёжтой инээмсэглэсээр, амныхаа хайрцгаар "Хэрэв энэ удаа миний дээр орсон байвал, би чамайг алах болно шүү." хэмээн хэлээд суудлаа налсаар урагш тайз руу харлаа. 


Ким Жинсу. Түүний аав бол манай улсын хамгийн том бизнес эрхлэгч. Түүний эцэг эх хүүгээ хамгийн шилдэг нь болгохын тулд бүхнийг хийдэг. Түүний гэрийн багш нар хамгийн гэх тодотголтой хүмүүс байдаг. Мэдээж сайн талаараа. Манай сургуулийн бүх багш нар л түүнийг шилдэг нь болгохын төлөө тэмцдэг. Тэр яагаад надад ийм дээрэлхүү ханддагийг би мэднэ ээ. Энэ бүхэн ердөө түүний аавын бүхэнд нөлөөлдөг эрх мэдэлтэй холбоотой. 


Түүнийг нэгт ороогүй тохиолдол бүрд аав нь галзууртлаа уурлаж, уураа гэрийн болон сургуулийн багш нарт гаргадаг. Аа мэдээж бас Жинсу-д ч гаргах болно. Би түүний сар бүр дор хаяж 2 удаа биеэрээ дүүрэн хөхрөлт, няцралттай хичээлд ирдгийн шалтгаан. Гэхдээ тэглээ гээд яана гэж? Бүгд л түүнийг шилдэг нь хэмээн боддог. Түүний зөв өө. Хорвоо ертөнц тэргүүн байрны эмэгтэйг биш, удаах байрны эрийг шүтдэг юм шүү дээ. Эцэст нь би хүлцэнгүй байх ёстой. Байдлыг улам дэвэргэж, муутгаж болохгүй. 


"Сайн байцгаана уу? Бяцхан ноёд хадагтай нараа?" цангинасан хоолой гарахад, би тайз руу харвал нэгэн залуухан эрэгтэй инээмсэглэж зогсож байх нь тэр. 


Хүүхдүүд түүний мэндчилгээнд унтууцах мэт дуу гаргахад, тэр инээмсэглээд "Би бол танай сургуульд шинээр ирж буй захирал. Намайг Ким Сонху гэдэг. Олон хэрэггүй зүйл ярьж та бүхний цагийг авахгүйн тулд товч бөгөөд тодорхой ярихыг хичээх болно оо." гэсээр индэр дээр тавьсан цааснууд руугаа нэг харлаа. 


"Тэгэхээр ямартай ч би тусалж дэмжээрэй гэх үгийг хэлэхгүй. Учир нь би танай сургуулийн схем зургийг нааш ирж явахдаа хангалттай харчихсан тул хаана юу байдгийг мэднэ. Боловсролын систем болон өмнө жилийн чинь бүх мэдээллийг хуучин захирлаас чинь авсан болохоор шаардлага гарахгүй л бол та бүхнээс асууж ажил удахгүй ээ." хэмээн хэлсээр ард нь сууж багш нар руу хальт харав. Сонирхолтой л юм!


Шинэ захирал маань инээмсэглэн "Та бүхнээс өчигдөр шалгалт авсан байгаа. Бүгдийнх нь хариу гарчихсан бөгөөд..." гэсээр арагш харан гараа дохиход, тайзны арын хананд хуйлан өлгөсөн цаас дэлгэгдэв. Энэхүү том цаасан дээр манай сургуулийн бүх хүүхдийн дүн жагссан байх бөгөөд өөрийнхөө дүнг олж харахдаа би багахан инээмсэглэлээ. Нэгт!


Захирал буцан урагш харсаар "Хамгийн эхэнд Q ангийн Хан Жэмин жагссан байна. Бүгдээрээ баяр хүргэцгээе. Энэ маш том амжилт шүү." хэмээн хэлсээр алга ташихад, түүнээс өөр хэн ч надад баяр хүргэсэнгүй. Дүүрэн хүүхэд суусан урлаг зааланд шинэ захирлын алга таших дуу ганцаараа хадна. 


Мэдээж шүү дээ. Манай сургуулийн бараг бүх хүүхдүүд л Жинсу-с айдаг юм чинь яахан алга ташиж зүрхлэх билээ? Харин айдаггүй хэдэн хүмүүс болох Z ангийнхан манай ангийн бүх хүүхдүүдийг зүрх сэтгэлийн гүнээсээ үзэн яддаг. Тиймээс тэд ч бас алга ташихгүй. Харин багш нарын хувьд тэд Жинсу-н аавын сүрдүүлэгт хэрхэн өртөж, энэ бүхнийг яаж даван туулна даа хэмээн толгойгоо гашилгаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би тэдэнд ахиад л толгойн өвчин болчих шиг боллоо, тийм үү? 


Ийн бодохдоо би ёжтой инээмсэглэсээр хойш Жинсу руу харлаа. Тэр над руу аймшигтай хорсол дүүрэн ширтэж байх бол би түүн рүү улам том инээмсэглэсээр мөрөө хавчив. Юу гэдэг билээ? Чаддаг юманд арга байхгүй гэдэг билүү? 


Надад хамаагүй ээ. Би юу ч болж байсан нэгт орж, нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх болно. Аавын хэлснээр нийгэмд би тархиа хүлээн зөвшөөрүүлэхгүй бол нийгэм надаас биеийн минь үнийг асуух цаг ирнэ. Харин би тийм зүйл яасан ч болгож чадахгүй. 


Захирал инээмсэглэсээр ахин алга ташихад, би бодлоосоо салан түүн рүү харлаа "Ча Инү, энэ чиний ямар нэг чадвар уу? Эсвэл чи албаар ингэсэн юм уу? Хамгийн сүүлд орно гэдэг..." гэсээр эвгүйхэн инээмсэглэхэд, заал даяар инээх дуу хадав. Сургуулийн бүх хүүхдийг ардаа орхин нэгт орсон надад ямар ч хариу үзүүлээгүй хэр нь энэ усан толгойтод???


"Тэгэхээр энэ сургуулийн хүүхдүүдийн сурлагын төвшин дэндүү хол зөрөөтэй байгаа учир нэгэн төсөл бэлдсэн байгаа. Энэ бол кредит оноо юм. Сар бүрийн явцын шалгалтын хажуугаар та бүхэн өөрсдийн авсан кредит оноогоор жагсах болно. Хоёр жагсаалтын дунджаар ерөнхий жагсаалт гарах байгаа. Кредит оноог хэрхэн цуглуулах вэ гэвэл би сургуулийн хүүхэд бүрийг баг болгон хуваасан. Эдгээр хүүхдүүд хамтран дүнгээ ахиулах хэрэгтэй. Хоёр хүүхдийн шалгалтын дүнгийн голчоор кредит оноог тэдэнд өгөх болно. Тиймээс нэг нь +90 авсан ч, нөгөө нь 0 авбал тухайн багийн хүүхдүүдэд очих кредит оноо ердөө 45 орчим л байх болно. Тиймээс хичээгээрэй. Асуух зүйл байна уу?" захирал ийн хэлсээр инээмсэглэн заалыг тойруулан харахад, хэсэг хугацаанд анир чимээгүй байсан заал гэнэт л ухаан орсон аятай ярианд автаж орхив. 


Миний цаахна сууж байсан охин гараа өргөсөөр "Багийг яаж хуваах юм?" хэмээн асуухад, шинэ захирал инээмсэглэсээр "Энэ сургуулийн хүүхдийн тоо тэгш. Тиймээс би та нарыг хоёр хоёроор нь хуваасан байгаа. Харин хуваарилалтын хувьд би бүх хүүхдүүдийн өмнөх дүнгүүд дээр анализ хийж байгаад хуваарилсан учир солино гэсэн ойлголт байхгүй гэдгийг анхаараарай." ийн хэллээ. 


Дүнгийн хувьд анализ хийсэн юм бол би тийм ч муу хүүхэдтэй хамт нэг баг болоогүй бололтой.  Өөрийнхөө хийх зүйлийг хийгээд явчихвал надад ч амар байна. Шалгалтын хувьд хангалттай хэлээд өгчих болохоор зүгээр дээ.


Юу ч болж байсан би өөрийн байр сууриа алдахгүй! 


2 өдрийн дараа.


Сургууль руу ороход олон хүүхдүүд зарлалын самбар дээр овоорчихсон байлаа. Ашгүй гэж, өнөөх хуваарилалт нь гарч.


Бужигнасан олон хүүхдүүдийн дундуур явсаар хамгийн урд гаран өөрийн нэрийг хайлаа. Гэхдээ хайгаад ч байх хэрэг байсангүй. Жагсаалтын хамгийн дээр манай багийн биччихсэн байсан юм. Хан Жэмин-Ча Инү. Ямар гээчийн новш нь вэ?




A/N: Нэгт. Би аль болох хурдан хурдан оруулаад явахыг хичээнэ ээ. Хоёрт. Та нарт ер нь миний энэ My ID: цуврал ямар санагддаг вэ? Хайр дурлалаас илүү өгөх гэсэн утга санаагаа гаргаж чаддаг уу? Энэ цувралд ямар ямар бичвэрүүд багтаасай гэж хүсдэг вэ? (Жишээ нь: Түүхэн, фантаз эсвэл орчуулгын гэх мэт.) Эдгээр асуултуудад заавал хариулаад өгөөрэй. 

Comment