Эхлэл

Зуны бас нэг дулаахан налгар орой. Орчин тойрны бүх л зүйлс аз жаргалаар бялхаж буй мэт харагдана. Бүхнийг ажиглан суух надад энэ бүхэн шинэлэг санагдах нь гайхмаар шүү. Орой болгон нэг л газраа ирж ойр орчимоо ажиглан суух миний зуршил болсон гэлтэй.

Яг л урьдны адилаар бүгдийг ажиглан сууж байхдаа холгүйхэн тэрнийгээ олж харсан юм. Аз жаргалтай инээд, туулайн шүд, чин сэтгэлийн инээмсэглэл. Энэ бүхнийг нэг дор олж харсан минь түүнийг ямар их жаргалтай байгааг мэдрэх шиг. Энэ олон сар түүнийг огт санаагүй гэж хэлэхгүй ээ. Жинхэнэ сэтгэл хэзээ ч мартагддаггүй юм билээ. Зүгээр л нэг дурлал байсан гэж бодсон ч тийм байгаагүйг энэ саруудад мэдэрсэн. Эхэндээ түүнийг санасан сэтгэлээ зүгээр л нэг дасалт гэж ойлгож, харин дунд нь үгүйлэх мэдрэмжээ үгүйсгэсээр эцэст нь түүнийг гэх сэтгэлээ хайр байсныг ухаарсан. Гэхдээ дэргэдээ байхгүй нэгнийг санаж бэтгэрэх нь хамгийн аймшигтай байдаг юм билээ. Харахыг хүссэн хүсэлээ тэвчин, тавьж явуулсан өөртөө уур хүрсэн. Гэвч эцэст энэ бүх зүйлд зүгээр л дасаж орхисон. Хамгийн зөв арга мөн хамгийн зөв сонголт. Түүнийг ч бас зовоохыг хүсээгүй дээ өөрөө өөрийнхөө хайраас чөлөөлж явуулчихаад буцаагаад дөнгөлөх зориг надад байгаагүй юм. Түүнд ч бас жаргах ёстой өдөр хоногууд хайрлагдах ёстой хугацаа гэж бий шүү дээ. Уйтгар гунигтаа хүлэгдсэн миний дэргэд тэр нэгэн гундаж, дахиад л өөр нэгэн рүү тэмүүлэх нь тодорхой. Тиймээс зүгээр л тэвчихээр бас дасахаар шийдсэн минь энэ.

Өмнө нь би ирээдүй рүүгээ яарч, өнгөрсөнөө үгүйлсээр, одоо гэх энэ цаг хугацааг л хайрлаж байгаагүйгээ ухаарсан юм. Тийм ч учраас энэ бүх сэтгэлийн шархаа одоо гэх цаг хугацаандаа даатгахаар шийдсэн юм.

Түүний инээмсэглэлийг хараад дотор минь байсан бяцхан айдас хаашаа ч юм хийсчих шиг. Ганцхан энэ инээдийг л насан туршдаа харахыг хүсдэг байсан минь одоо алс холын зэрэглээ мэт санагдах болж. Инээднээс нь аз жаргал мэдэрдэг болохоор түүнийг инээлгэх дуртай байсан сан. Басхүү нүднээс нь бүх л огторгуйг харж чаддаг байсан нь гайхалтай. Гүн хийгээд гэмгүй тэр нүд намайг яг л сордог элс шиг татчихдаг ширтээд л баймаар хичнээн хугацаа өнгөрсөн ч хамаагүй зөвхөн түүнийг л ширтээд баймаар санагддаг. Тэгж л би өөрийгөө хайрлагдсан мэтээр мэдэрдэг байсан. Түүний халамж мөн хайр энхрийлэл надад би ч бас хайрлагдаж болох юм байна гэх бодлыг төрүүлдэг байсан юм. Амьдралдаа анх удаагаа хайрлагдаж, түүний хувьд цор ганц нэгнээр мэдрэгдсэн минь тэр.

Түүний хажууд суух эмэгтэй. Тиймээ мөн байна. Хэцүү үед нь түүний хажууд түшиж тулсанд нь үнэхээр талархаж байна. Тэр ч бас хайрлагдаж чадсан нь ашгүй дээ. Чамгүй их зүйлийг өөрөөсөө эмтэлж өгсөн байхдаа. Миний мэдэрч чадаагүй бас мэдрүүлж чадаагүй тэр их хайрыг хүртэж чадаж байгаа байх. Атаархаж байна. Түүний хажууд би байсан бол өдийд тэр ингээд инээж байхгүй байсан байх. Хайрлаж байгаа гэх миний худал үгэнд дөнгөлөгдөөд орхиж ч чадахгүй худал баг зүүгээд суух байсан болов уу? Бүх зүйлийг үргэлж харлуулж орхидог нь миний зан гэлтэй. Яагаад нэг ч атугай сайхан зүйл бодож болдоггүй юм болдоо. Үнэхээр өөртөө дургүй хүрч байна шүү. Тэр нэгэн одоо ч миний дэргэд байсан бол би ч тэр ч жаргалтай байж чадах байсан болов уу?

Бодлыг минь үгүй хийх танил нэгний хоолой чихэнд минь цуурайтахад өөрийн эрхгүй хоолой гарсан зүг рүү харлаа. Хааяа бодолд минь эргэлдэж, зүрхний минь гүнд цоожлоостой байх жаргалтай дурсамжыг нэхэн сануулдаг тэр нэгэн нүдний минь өмнө инээмсэглээд зогсож байх юм.

-Сайн уу? Сайн байсан биз дээ гэх үгс нэг чихээр минь ороод нөгөө чихээр минь гарчих шиг. Хэдэн минутыг тэдгээр үгсэд зарцуулж, яагаад над дээр ирсэн шалтгааныг нь эргэцүүлэн сууна.

-Магадгүй сайн байсан байх л даа гэсээр хажууд минь суухдаа жаргаж буй нарыг ширтэн, зөөлхөн салхилах салхийг мэдрэх гэсэндээ аажуухнаар нүдээ анина.

-Яагаад хажууд чинь ирснийг гайхаж байгаа байх. Зүгээр л чамд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Амьдралаа их энгийнээр төсөөлдөг байсан юм. Санаснаар бүх зүйл бүтчих юм шиг аашилдаг байсан нь миний тэнэгийнх бас айлын эрх танхи хүүгийн өчүүхэн аархал байсан байх л даа. Бүгдийг өөрийн болгодог байсан надад чи тэртээ алсад орших зэрэглээ, хүрч болохгүй хязгаар мэт л санагдаж эхэлсэн. Үргэлж өөрөөсөө түлхэж, ойртох тусам давж болохгүй зураас татчихдаг байсан болохоор хор шарандаа дийлдээд чамайг өөрийн болгох гэж хичээсэн. Гэвч эцэст нь чамайг шархлуулаад, өөрийгөө хуурч, өөрийнхөө төлөө чамайг золиосолсон минь миний амьдралын хамгийн том алдаа. Энэ бүхний дараа ухаараад эргээд хартал бүх зүйл аль хэдийн өнгөрсөн гэх дурсамж болоод чи надаас хэтэрхий хол явчихсан байсан. Амьдралдаа анх удаа харамсаж, өөрийгөө харааж, хичнээн удаа чамайг дуудсан эргэж хэзээ ч ирэхгүйгээр  намайг орхичихсон байсан нь харамсмаар. Уучлаарай энэ үгнээс өөр хэлж чадах хийж чадах зүйл байхгүй байгаад. Миний төлөө зориулсан цаг хугацааг чинь жаргалтай мөчөөр сольж өгч чадахгүйд уучлаарай. Хэрвээ бүх зүйлийг эхнээс нь эхлүүлж болдог байсан бол чиний амьдралд би гэх хүн хөл тавихгүй байсан юм түүний над руу харах харц гэмшсэн басхүү өрөвдсөн тийм л нүдээр намайг ширтэн сууна. Яриаг нь сонсож байхдаа өмнөх дурсамжаа хальтхан сөхөхөд энэ удаад өвдөлт биш үнэхээр тайван мэдрэмжийг надад төрүүлэх нь нүүрэнд минь бяцхан инээмсэглэл бэлэглэнэ.

-Хүний амьдрал гэдэг их сонин юм шүү. Саяхан л би гэдэг хүн чамайг санаад санасандаа бэтгэрээд сууж байсан сан. Гэхдээ одоо чамайг харсан чинь дотор минь байсан бяцхаан үүл хаашаа ч юм алга болоод сэтгэл минь уужраад ирлээ. Чамтай өнгөрөөсөн дурасамжиндаа хэзээ ч харамсаж байгаагүй ээ учир нь чи надад хайр гэх шинэ хаалгыг нээж өгсөн болохоор. Хайрлах хайрлагдах мэдрэмж, хардаж харамлах сэтгэл ямар байдгыг басхүү хаягдаж хоцрох ямар байдгыг ч мэдэж авсан. Сэтгэлийнхээ шархыг хэрхэн яаж эдгээхийг сурч бас ганцаараа яаж жаргалтай байж болдгийг ч сурсан. Гэхдээ тэр бүхний дараа дахиад яаж хүнд итгэх вэ гэдгийг л ойлгоогүй. Сэтгэлдээ айдас тээчихээд хүн хайрлана гэдэгтээ итгэлгүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт хайрлах л байх амьдрал үргэлжилж байгаагаас хойш гэсээр өөдөөс нь инээмсэглэхэд

-Хэцүү байдалд үлдээгээд ганцааранг чинь орхисонд уучлаарай үнэхээр шүү чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа болохоор

-Одоо болно оо бүх зүйл нэгэнт болоод өнгөрчихсөн хэн хэн нь амьдралаа үргэлжлүүлж байна шдээ. Гэхдээ чамайг жаргалтай байгаад баяртай байна бас над дээр ирсэнд чинь баярлалаа танихгүй хүмүүс шиг зөрөх байх гэж бодож байсан юм хөлөө савчуулсаар аяархнаар хэлэхэд түүний хөхрөх чимээ чихэнд цуурайтна

-Яаж танихгүй хүн шиг зөрөх юм. Хүн таг гөлрөөд сууж байсан байж гэсээр инээд нь улам чангараад байсанд бантсан банталтандаа сандал дээрээс түлхэж орхилоо.

-Паж Жимин бантахаараа хүн цохидог хэвээрээ байх шив яаая бөгс гэсээр газраас босон өмдөө гөвөн зогсоно.

-Тэр хардаа хайртай хүн чинь чамайг хүлээгээд байгаа бололтой. Хөөрхөн юмаа хүүхдүүдтэй тоглож байгаа нь өхөөрдөм ч юм хайртыг нь хараад дотроо үнэхээр өхөөрдөж байсан юм. Яг л Жонгүүгт тохирох нэгэн шиг санагдсан болохоор.

-Тийм шүү намайг шаналж шархалж байхад хажууд минь хань болж байсан ганц хүн минь. Хичнээн удаа өөрөөсөө түлхэж, гэрээсээ хөөсөн ч маргааш нь юу ч болоогүй юм шиг инээгээд л хүрээд ирдэг байж билээ. Зөвхөн чиний нэрийг дуудаж өнгөрөөсөн тэдгээр цаг хугацаанд намайг тэвчээртэй гэгч нь хүлээсэн цор ганц бүсгүй байгаа юм. Надаас болж уйлж байгааг нь хараад дотроо өөрийгөө хичнээн харааж зүхсэн гэж бодно. Өөр нэгний төлөө нулимсаа урсган дэр нойтон хонож байсан миний төлөө бүхнээрээ дэнчин тавьсан нь гайхмаар шүү.

Тиймээ энэ л байж шүү дээ. Бидний дунд дутагдаад байсан ганц зүйл. Жонгүүгийн харц яг одоо үнэхээр тод гялалзаж байх юм. Түүнийг хайрласан харцаар харах нь үнэхээр атаархал төрүүлмээр. Инээмсэглэлээс нь гэрэл цацарч байх шиг. Хэн ч харсан энэ инээдэнд нь уусч мэдэхээр тийм л хайр энхрийлэл дүүрэн байна.

-Яв даа хайрт дээрээ оч тэгэхгүй бол би энд чамаас цацрах гэрэлнээс болж сохрох юм шиг байна гэсээр хөхрөхөд над руу хальт харан инээмсэглэсээд гараа далласаар цааш гүйн одлоо. Одоо л уужуу амьсгалж чадахаар боллоо. Яг л дутуу амьсгал аваад гаргаад байсан юм шиг мэдрэмж төрөөд байсан юм.

Баярлалаа бас баяртай анхны минь хайр. Гэгээлэг бас хар бараан бүхий л дурсамжны минь эзэн болсон чамайг одоо л сэтгэл амар мартаж чадах нь. Зүрхний минь хаа нэгтэй нууцхан орших бяцхаан дурсамжтай болж үлдсэндээ баяртай байна. Хааяа дурсахад тааламжтай санагдах байх. Нэг ийм хүнтэй учирч байсан шүү дээ гээд эргээд бодоход нүүрэнд бяцхаан инээмсэглэл тодрох тийм л дурсамж агуулсан хүн.

Цэвэр агаараар уушгиа дүүртэл амьсгалаад сууж буй газраасаа босон эргэн тойрноо дахин нэг ажиглаад өмнөх өдрүүдээсээ илүү жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар гэрийн зүг алхлаа.

Comment