Дурсамж

Ахиж хэзээ ч сэрэхгүй унтаад, зүүдэндээ амьдрал эхлүүлж үзмээр.

Анх удаа чамайг зүүдэндээ харлаа. Чиний дэргэд жаргалтайгаар инээмсэглэж, гараас чинь чангаар атган далайн эргийн зөөлөн элсэн дээр хоёул хамт алхах юм. Чиний над руу харах харц хайр энхрийлэлээр дүүрэн, надад хүрэх хүрэлт бүхэн чинь үнэхээр нандигнасан хайрласан мэдрэмжийг өгөх нь яг л бодит мэт санагдана. Энэ үед л зүүдэндээ үүрд үлдэхийг, тэндээ амьдрахыг хүсэх хэмжээнд чамайг зүүдэлсэн юм. Гэхдээ нүдээ нээн зүүднээсээ сэрэхэд хоосон тааз, харанхуй өрөө л намайг угтах нь жинхэнэ амьдралдаа тавтай морил гэж байгаа юм шиг санагдана. Тэгээд л санаа алдахаас өөрийг хийж чадалгүй орноосоо өндийлөө.

Өөртөө өглөөний цай бэлдсэн болоод ширээний ард суух Пак Жимин. Бодолдоо дэндүү автахдаа шарсан өндөгөө энд тэндгүй сийчиж орхисоноо ч анзааралгүй хана ширтэн сууна. Тэрээр дахиад л дурсамжиндаа живсэн бололтой үе үехэн нүүрэндээ багахан мишээлт тодруулна.

Caramenal кафед орж ирэхдээ хажуугийн толинд өөрийгөө харсаар кассны урд очлоо. Өглөөхөн гарахдаа ямар хувцас өмсөх талаараа бодсоор тольны өмнө хэдэн минутыг зарцуулж, үсээ хэрхэн янзалвал түүнд сайхан харагдах бол гэж үсээ хааш яааш болгосоор бас л цагийн талыг зарцуулж орхисон. Тэгсээр гарахаар товлосон цагаасаа нэлээд орой гарчихсан болохоор түүнийг харах хүслэндээ кафе руу хурдлан алхсан.

"Хөөх өнөөдөр ямар нэгэн онцгой өдөр чинь юм уу? Өмнөхөөсөө арай л өөр харагдаад байх юм. Улам царайлаг болчихож" түүний хэлсэн царайлаг гэх үгэнд хацар минь ягаарсаар түүнийг ч олигтой харж чадалгүй гутлынхаа хоншоорыг ширтсээр "Б-баярлалаа" гэх ганц үгийг ичингүйрэн байж хэллээ.

"Өнөөдөр царайлаг байгаа болохоор чинь тусгайлан бэлдсэн Жонгүүгийн гарын кофегоор дайлъя" гэсээр ойрдоо уух дуртай болоод байгаа амттай кофегоо над руу сунгалаа.

"Баярлалаа. Гэхдээ энэ удаад үнэгүй авахаас татгалзаж байна" түүний гарт мөнгө атгуулахад хөмсөг нь зангирсаар

"Миний сэтгэлийг худалдах гэсний хэрэггүй шүү. Зүгээр ав л даа. Одоогоор чамд өгч чадах зүйл минь энэ болохоор"

"Үгүй дээ. Цагийн ажил хийж байж надад үнэгүй кофе өгөөд байхаар чамайг цалин авах эсэхэд чинь санаа зовоод байна. Би зүгээр мөнгөөр нь л худалдаж авъя. Бусад үйлчлүүлэгчдийн адилаар" түүний өөдөөс эв хавгүйхэн инээмсэглэхэд түүний нүд бүлтрэх шахна. Хэзээ хамгийн сүүлд чин сэтгэлээсээ инээмсэглэсэн билээ. Инээмсэглэл гэдэг зүйлийг мартаад олон жил болж байгаа мэт санагдаж байна.

"Гэхдээ чи миний хувьд үйлчлүүлэгчээс ч илүү нэгэн болохоор энэ мөнгийг чинь авч чадахгүй ээ. Бас энэ инээмсэглэл чинь чиний надад өгч байгаа төлбөр болог" үйлчлүүлэгчээс илүү нэгэн. Яг ямар утгаар хэлснийг мэдэхгүй ч хацарт ягаан туяа татан, дахиад л зүрхний минь хэмийг хурдасгаж орхив. Түүний үг үйлдэл бүр зүрхэнд хүрээд удаж.

Ингэтлээ их догдолно гэж хэзээ ч бодоогүй учрал гэнэт ирчих юм. Хэзээ ч хэнээс ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг чамаас би авчихлаа... хийж буй үйлдэл бүр чинь хайр хүргэж, сэтгэл гижигдэм.

Инээж буй төрх чинь одоо ч нүдэнд тодхон харагдсаар...

Хайртай гэдгээ үгээрээ биш харцаараа илэрхийлэхдээ өөртөө ч би итгээгүй юм.

Түүний зүг хэр удаан харснаа мэдэхгүй ч над руу харан инээмсэглэхэд нь л би харцаа бууруулсан юм. Түүнийг харахаараа өөрийн эрхгүй л ширтээд суучих юм. Гадаах орчиныг бус ганцхан чамайг ширтэх л миний одоогийн амар амгалан болчихож.

"Над руу хараад юуг тэгтлээ бодсон юм" түүний хоолой яагаад намайг ингэж их тайтгаруулдаг юм бол. Ганцаардлаас минь намайг татан гаргаж чадах авралын бяцхан оч шиг л.

"Чиний хажууд суугаад ярихаар яагаад ч юм чамайг дуугарахгүй байсан ч яриад л баймаар санагддаг юм. Учир нь чамайг намайг сонсож байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор" чиний энэ инээмсэглэл миний сэтгэлд чамайг хайрлаж болох байх гэсэн бяцхан итгэлийг өгөх юм. Яагаад ингэж их өөртөө татаад байгаа юм бэ? Болохгүй гэж хориглох ч зүрх тэмүүлээд, чамайг хайрла гээд байх юм.

Зүрх тархи хоёр зөрчилдөж байгаа нь анх удаагийнх. Хүнийг хайрлаж болох байх гэж бодсон бодол ч бас анх удаагийнх. Сэтгэлд хүрсэн хүн гарч ирсэн нь ч анх удаагийнх.

"Энэ удаад чамайг гэрт чинь хүргэж өгч болно биздээ. Тийм хэмжээнд ч хүрсэн гэж бодож байна" нөгөө л нэг сэтгэл татам инээмсэглэл. Ингэхээр чинь би яаж татагалзах юм бэ?

"Хэрэггүй байх гэж бодож байна. Дараагийн удаа хүргэж өгөөрэй. Одоо ажилтай болохоор түрүүлээд явлаа" түүнд худлаа хэлэх шалтаг хайсаар бушуухан кафегаас гаран алхлаа. Одоохондоо түүний хажууд алхах зориг байхгүй бололтой. Зүрх хурдан цохилоод амаар гарах гэж байгаа юм шиг л байна. Хэзээ ингэхээ болих юм бол зүрхний цохилт хурдсаж, гэдсэн дотор ямар нэгэн мэдрэмж хураад, нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох энэ мэдрэмж хэзээ надаас салах юм бол. Түүнийг харахаар ичингүйрч, хацар луу цус юүлэгдээд тэр дороо л улайчих юм. Хэзээ ч ингэж байгаагүй надад энэ бүхэн үнэхээр шинэлэг санагдах ч бас айдас хүргэж байна. Хайрлах мэдрэмжийн хажуугаар бага зэргийн айдас холилдсон энэ мэдрэмж.

Тэр үеийн мэдрэмжээ дахин сайн ухаж ойлгосон бол бүхэл бүтэн нэг жилийг айдас, араар тавилт, сэтгэл гонсойлттой өнгөрөөхгүй байсан байх даа. Түүнтэй өнгөрөөсөн цаг хугацаандаа харамсдаггүй ч түүнд сэтгэлтэй болсондоо харамсдаг. Байдгаа шавхан, өөрийгөө таллан, өөрт байгаа бүхнээ түүнд зориулсан ч хариуд нь түүний хүйтэн харц, худал үгс намайг хөнөөж орхисон нь харамсмаар. Хүнийг зуун хувь бүү хайрла гэж нэг алдартай хүн хэлсэн байдгийг одоо л ухаарч байгаадаа өөрийгөө зүхээд ч ханахгүй байна. Анхны хайр, анхны үерхэл, анхны гэсэн бүхний минь эзэн эцэст нь худалч, хуурмаг нэгнээр сэтгэлд минь үлдэж байгаад харамсмаар.

Дахиад л чамайг зүүдэллээ. Тэвэрт чинь эрхэлж, сайхан үгсэд чинь уяарч, өвөрт чинь жаргаж, өмнөх жаргалтай үе рүүгээ буцчихсан байх юм. Үнэхээр дахиад л зүүдэндээ үлдэхийг хүсэх хэмжээнд, тэндээ үлдээд чамтай жаргалтай амьдрахыг хүсэх хүртлээ би зүүдэндээ донтчихсон. Үүрд унтаад үргэлж чиний дэргэд энэ жаргалтай инээмсэглэлээ хадгалахыг хүснэ.



Author: Сайнууцгаа манайхаан. Эрт оруулахыг хичээсэн ч ажил ихтэй болохоор ажилдаа түүртээд мартчихжээ. Гэнэт санаад оруулж байгаа болохоор алдаа дутагдалтай байж магадгүй шүү. Дараагийн хэсгээ хэзээ өгөхийг мэдэхгүй байгаа ч удаахгүй байхыг хичээнэ ээ.

Comment