Бүхний ард

Өглөөний 7 цаг, эх газар


Жэксон хүндээр амьсгалан хэвтэх агаад түүний шанааг даган хүйтэн хөлс цувжээ. Сувон байдал бишдвэл амьсгалын аппарат залгахаар бэлдэн зогсоно.


-Ингэж хичээхгүй байсан ч болно оо, шөнөжин сахиж зогслоо гээд би дээрдэхгүй шүү дээ. Зүгээр л явж амар. Би гэрээслэлээ шинэчилсэн..чамайг сайн эзэн болно гэж найдъя


-Битгий ингэж ярь. Одоо ч бүх юм оройтоогүй байгаа. Тэр цай.. цай хортой байсан. Амлаж байна, чи уухаа больсон болхоор яваандаа дээрдэнэ ээ


Залуу эр мэлрэг цэцгийн үнэрт цайг хортой байсан гэхийг сонсоод гайхширсангүй, харин ч нүдээ анин удтал бодолд дарагдан хэвтсэнийхээ дараа зөөлнөөр мишээлээ.


-Би мэдэж байсан. Сувонаа, тэр цай хортой байсныг..бас тэр хорыг Миён хийж байгааг ч би мэдэж байсан


Бүсгүй хөмсөг зангидан орны хөлд бохирч суухад тэд харц тулгарч орхилоо.


-Тэгвэл яагаад уусан юм? Үхлийн аюултайг нь мэдсээр байж..яагаад?


-Хайртай болохоор. Хайртай болохоор түүний гарт үхсэн ч харамсах зүйл байгаагүй юм


Энэ үг толгой дундуур минь нэг сайн буулгаад авах шиг. Хоромхон зуур дотор минь ямар нэг адын хүсэл оргилж орхиод төдөлгүй ор мөргүй үгүйрлээ. Эхний мөчид би түүнийг үгүй хийхийг хүссэн бол дараагийн мөчид өөрийгөө хичнээн азгүй амьтан болохыг ухаарсан юм.


Хий төсөөлөлдөө автаж өөрийн өнчин хайрандаа самуурч явсан надад түүнийхээ хайраас өчүүхэн төдийг хүртэх тавилан заяагаагүй байж.


Бүсгүйн нүүр ичсэндээ ч юм уу уурласандаа ч тэрүү улаа бутарч харц нь нэг цэгт гөлөржээ. Залуу эрийн хэлэх үгс чихнийх нь хажуугаар өнгөрөх шиг, тэр зөвхөн өөрөө өөрийгөө удирдахад бүхий л анхаарлаа төвлөрүүлэх аж.


Надад түүнд итгэхгүй байх шалтгаан алга, гэсэн ч яагаад ч үнэнтэй эвлэрч чадашгүй нь.


Та хоёр хамтдаа удаан хугацааг өнгөрүүлсэн байж болох ч.. яагаад чиний сэтгэлд би өчүүхэн төдий ч зай эзэлж чадаагүй юм? Өөрийг нь үхэл рүү түлхсэн эмэгтэйд хайртай гэж бардам хэлж чадаж байгаа чинь..арай дэндүү биш гэж үү.


Яагаад ч юм толгойд минь намайг элэглэн дооглох олон ангит киноны хоёрдогч дүрүүд үзэгдэнэ. Харамсалтай нь , би ч гэсэн гол дүрд тэнцсэнгүй.


Сувон санаа алдаад Жэксоныг түүний гараас зуурахыг нь ч үл тоон өрөөнөөс гарлаа.


Бүсгүй хонгилын хана даган алхлахдаа анх удаа тамхи татаж үзэв. Хоолой нь хорсон үе үе толгой нь эргэх шиг санагдах ч тэр тамхиа хаясангүй. Түүний хацрыг даган сормуусны будаг урсжээ.


Яагаад ч юм нэг л амар амгалан, ямар ч шалтгаангүйгээр энэ нь намайг айлгаж байна.


...


Энэ зуур арал дээрх сүмийн голд байрлуулсан алтан авсан дотроос гар хийцийн тансаг хослол өмссөн залуу суниалгасаар өндийлөө.


Тэрбээр хөшсөн хүзүүгээ хоёр тийш гилжийлгэн дугаргаад алга хавсаргахад сүмийн хаалга хоёр тийш ярагдан нээгдэж бугуйн дээрээ L үсэг шивүүлсэн залуус түүнд бөхийн хүндэтгэл үзүүлэв.


-Сайхан амарсан уу , эзэнтээн. Хорны нөлөөлөл бүрэн гарсан уу? Бид танд нисдэг тэрэг бэлдсэн байгаа, өглөөний цайгаа нисдэг тэргэнд зоогловол дургүйцэхгүй биздээ?


-Цайлах сонирхол алга. Зүгээр мөстэй американо бэлдчих. Ингэхэд, миний оршуулгыг сайн хийсэн үү ?


Хөгшин даамал залуу эрийн мөрөн дээр наалдсан цэцгийн дэлбээг авч "Тэгэлгүй яахав, эх газраас хүртэл эмгэнэл ирүүлсэн" гэхэд Лукас сэтгэл хангалуун инээмсэглээд сүмийн гадаах хувийн нисдэг тэргэндээ залрав.


Лукас тетрадо хор ууж хэсэг зуур үхсэн мэт жүжиглэсэн нь энэ байлаа. Энэхүү хорны нөлөөлөл нь хүнийг үхсэн мэт хөшингө байдалд оруулдаг агаад алдарт "ромео и джульетта" дээр ч дүрслэгддэг билээ.


-Яагаад ч юм муу совин татаад байна, эхлээд Жэксоны эдлэн рүү явцгаая


...


Харшийн хонгилоор өндөр өсгийтийн чимээ цуурайтаж Сувон том том алхсаар Миёны өрөөг зүглэнэ.


Гэнэтхэн хонгилын зүүн жигүүрээс Жүён гарж ирснээ бүсгүйн замыг хөндөлсөн зогслоо.Түүний байгаа байдлыг харвал тэрээр бүсгүйг отон хүлээж байсан бололтой.


-Холд, надад Миёнтой яаралтай уулзах хэрэг байна


-Одоо миний хийх зүйлд ямар ч хувийн өш хонзон байгаагүй юм шүү. Уучил, гэхдээ эрх ашиг ямагт нэгт байдаг юм хойно..чамайг ойлгоно гэж найдъя


Бүсгүй гайхан хариу хэлж амжихаас өмнө түүний хэвлийд аймшигтай өвдөлт мэдрэгдэн жаалхан охин дуу алдан Жүёны мөрнөөс зуурахад түүний амнаас цус дуслах аж.


Сувоны хэвлийд хүйтэн мэс зоогджээ. Залуу эр аажмаар хутгыг цааш түлхэнгээ бүсгүйн нурууг илбэн "Тайвшир, энэ бүхэн удахгүй дуусна" хэмээгээд зөөлнөөр мишээнэ.


Жаалхан охины өвдөг чичрэн өвдөлтөндөө ярагласаар.


Сувон гэнэтхэн залуу эрийн зангианаас зууран "Жүёнаа, би чамд ийм хөгшин зангиа зохидоггүй гэж хэлж байгаагүй билэв үү?" гэснээ даруй залуу эрийн хүзүүг зангиагаар нь ороогоод ард нь гарлаа.


Тэд хонгилд ноцолдон Жүён хоолойг нь боомилох зангианаас зууран мултрахыг хичээн тийчлэх бол бүсгүй чадлынхаа хэрээр зангианаас татах аж. Төдөлгүй хоёул газарт унаж Сувон залуу эрийн нэг гарыг хөлөөрөө дарж орхилоо.


Жүёны нүүр бүхэлдээ хүрэн улаан өнгөнд хувирч гүрээнийх нь судас товойх агаад нүд нь бүлтрэх гэж байгаа аятай томоржээ. Залуу эр эцсийн хүчээ шавхан нэг гараараа шал цохино.


Хэдэн хормын дараа гэхэд залуу эрийн бие сулбайн эсэргүүцэл үзүүлэхээ болилоо. Түүний амьсгал тасарчээ.


Жүёны нүд нээлттэй чигээр амьсгал хураасан байх агаад Сувон хэвлийнд нь зоогдсон хутгыг сугалж аваад залуугийн амьгүй цогцсонд зоох нь тэр.


-Чи надад анхнаасаа л таалагдаагүй..Ингэхийг чинь мэдсэн бол эртхэн алчихдаг байж


Сувон нэг гараараа шархаа даран хана түшин алхална. Бүсгүй цус алдаж байгаагаа ч үл тоон "Үйлчлэгч эзнээсээ өмнө үхэж болохгүй" хэмээн бувтнасаар Миёны өрөө рүү зүглэлээ.


Модон хаалга чийхран онгойж Сувон цус дуслуулсаар орж ирэхэд тольдож зогссон Миён балмагдсандаа хойш ухарна.



Миён баяр ёслолын үеэр л өмсдөг болов уу гэмээр цэцгэн хээтэй торгон даашинз өмсөж тансаг сувсаар гоёжээ.


-Бурхан минь гэж, чамд юу тохиолдоо вэ? Би чамд эмч дуудаж өгөх үү?


Сувон шарх руугаа нэг хяламхийснээ " Аан, энэ.. сүртэй зүйл биш ээ. Зүгээр л сая ирж явах замдаа Жүёнтой жаахан маргалдаад" гэчихээд толины дэргэдэх буйдан дээр тухаллаа.


-Хувцаслалтандаа их анхааржээ дээ? Миёнаа, хөндлөнгийн хүн харвал чамайг Жэксоны үхлийг тэмдэглэж байна л гэж бодох нь


Хээнцэр хувцастай бүсгүй сандран тэр даруйдаа гараа хэрээсэлж "Юу гэж дээ! Энэ эмгэнэлтэй явдал бидэнд их гарз дагуулж байгаа болохоор ядаж би ч болов хүчтэй харагдаж байж эх газрыг хамгаалж чадна л гэж бодсон юм" гэхэд Сувон хөхрөн "Хамгаалах гэнээ? Хэнээс? Өөрөөсөө юу?" гэх нь тэр.


Миён хөмсөг зангидан "Юу гэсэн үг юм" хэмээн лавлаваас жаалхан охин дэмий л мөрөө хавчин "Харин л дээ. Эзнээ хордуулж алж чадаж байгаа хүн өөр юу хийж чадахыг би таашгүй" хэмээн наргина.


Сувон удаанаар босож бүсгүйн орны дэргэдэх шүүгээг нээхэд дотроос нь цайны навчнууд асгарлаа.


-Би эхэндээ Жүёныг сэжиглэж байсан юм. Гэхдээ тэр хор судлаад сууж байхаар хүн яавч биш. Харин дараа нь, чи зүгээр л өөрийгөө бариад өгчихсөн. "Эрчүүдийн ертөнцөд амьдарч байгаагийнхаа хувьд эмэгтэйчүүл эр хүний таалалд төгс нийцэж гэмээ нь сая нэг бүсгүй хүн болно" ..Чи надтай ууж хонодог шөнөө ингэж хэлсэн. Намайг анх зарагдаж ирдэг өдөр чи үйлчлэгчийн сургууль руу ороогүй, тэгэхээр хэзээ энэ үгийг хөгшин хатагтайн өрөөнөөс харсан байх уу? Жэксон удаан хугацаанд хордсон гэвэл чи намайг энд ирэхээс жилийн өмнө хатагтайтай уулзсан байх учиртай. Тэгээд бас Жэксоны өрөө лүү нэвтэрсэн алуурчид..Тэднийг ч гэсэн чи илгээсэн, тийм үү? Чи Жэксоныг Лукас руу турхируулж, харин Жүёныг харшийн хамгаалалтыг сулруулсан гэж буруутгасан.  Хэлээдэх, хатагтай чамд хор өгсөн үү? Жүёныг итгэл даахааргүй хүн гэж зайлуулчихаад Жэксоны үхэлд Лукасыг буруутгаад өөрөө эх газрын эзэн суух чиний төлөвлөгөө байсан юм уу?


Миён гэнэтхэн чангаар инээд алдан алга ташина. Бүсгүйн инээд тасралтгүй үргэлжлэн мөр нь чичигнэж сүүлдээ бүр инээднээсээ болж элгээ тэврэн доош суулаа.


-Таачихлаа.. Хөөх, Сувонаа. Чи бодсоноос минь ч ухаалаг юм. Гэхдээ яадаг билээ? Жэксон аврагдахаасаа өнгөрсөн, тэр цагийн дотор л тамын хаалга татна. Эцэстээ гэхэд, чиний зохиосон бодлого үр дүнгээ өгсөнгүй..хаха


Сувон бүсгүйн мөрнөөс татан босгож хана руу түлхээд "Яагаад тэгсэн юм? Чи Жэксонд ямар их хайртай байсан билээ дээ..Түүнийг хамгаалж чадахгүй бол намайг ална гэснээ санахгүй байна уу. Тийм байж, яаж түүнд ингэж хэрцгий хандаж чадаж байна аа" хэмээн орилоход  Миён уруулаа шилэмдсэнээ "Эцгийг минь алсан хүнд би энэнээс илүү яаж энэрэнгүй хандах юм" гэх нь тэр.


Жаалхан охин гайхах бухимдах нь зэрэгцэн хөмсөг зангидахад дэгжин хувцастай бүсгүй Сувоны шарх руу хуруугаараа хатгаж "Гэхдээ чи нэг оньс тайлж амжаагүй байна. Тэртээ тэргүй үхэхээс хойш ядаж үнэнийг мэдээд үхсэн нь дээр биздээ, мм? Тамд Жэксонтой таарахаараа хэл дуулгах хэрэгтэй шүү дээ" хэмээн инээвхийлнэ.


-Эцэг маань алуулахад ээж минь намайг алуурчинд бэлэг болгож өгсөн. "Муу хүйтэн цуст өлөгчин, яаж 14 настай жаахан охиноо эцгийг нь хөнөөсөн хүнд үйлчил гэж бэлэглэж чаддаг байна аа.." Би эхэндээ ингэж боддог байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам ээжийн зөв байсныг ойлгосон юм. Ээж зүгээр л зөв цагийг хүлээж байсан гэдгийг. Надад хор өгсөн хөгшин хатагтай..Тийм ээ, бодож байгаа чинь зөв. Үйлчлэгчийн сургуулийн эзэн хатагтай бол миний төрсөн эх. 

Comment